Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Жирэмсэн болсон уу?

pregnancyЖирэмсний шинж тэмдэг

Жирэмсний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

  1. Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
  2. Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
  3. Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр Солонгосын цуврал киноны баатрууд шиг зан ааш нь үе үе огцом өөрчлөгдөг болно.  Мөн өөрт хайртай эсэхийг өдөр хэдэн зуун удаа асууж хань ижлээ уурлуулахаас гадна нойр нь байнга хүрдэг болно.
  4. Нүүрээр нөсөөт толбо гарах, хөхний толгой борлох,  хүйснээс умдаг хүртэлх зураас нь цавь хүртэлх  зураас борлоно.

Магадлалтай шинж нь мөн дөрөв байна. Эдгээрт:

  1. Сарын тэмдэг ирэхгүй удах.
  2. Хөхөөр хөндүүрлэх, шахахад зунгааралдсан шингэн гарах.
  3. Үзлэгээр умайн хүзүү болон үтрээний салст хөхөрсөн, умайн хэмжээ, хэлбэр, байдал өөрчлөгдсөн нь харагдана.
  4. Жирэмсний тестээр шалгаж үзэхэд эерэг хариу гарна.

Баттай шинж нь гурав байна. Үүнийг эмч илрүүлнэ:

  1. ЭХО шинжилгээгээр умайд үр тогтсон өндгөн эс харагдана.
  2. Үр хөврөл, ургийн биеийн хэсэг харагдана.
  3. Хүүхдийн хөдөлгөөн, зүрхний цохилтыг ялган таньж, зүрхнийх нь цохилтыг сонсож болно.
Шинж тэмдэг

Сарын тэмдэг саатах нь заавал жирэмсэлсний шинж байх албагүй. Иймд долоо хоног, сараар саатсаны дараа ирэх тохиолдол ч байдаг. Хэрэв биеийн юм хугацаандаа буюу ирэх ёстой өдрөө ирээгүй бол маргаашаас эхлээд шулуун гэдэснийхээ температурыг хэмжих замаар жирэмсэн эсэхээ мэдэх боломжтой. Халууны шил (шулуун гэдэсний халууныг хэмжих зориулалтын тусгай халууны шилийг эмийн сангуудад зардаг) шулуун гэдсэнд 2 см орчим гүн хийгээд 5-7 минут орчим байлгана. Ингэхэд хэдэн өдөр дараалан шулуун гэдэсний халуун 37 градусаас их байвал гол төлөв жирэмсэлсэн байдаг. Биеийн юм ирэхгүй 1-2 долоо хоног болсон бол эмийн сангаас жирэмсний тест буюу сорилыг худалдан авч үз. Жирэмсэлсэн эсэхийг баттай тогтоохын тулд 2-3 өдөр дараалан үзэх хэрэгтэй.

Эмчид үзүүлж баталгаажуулах

Жирэмсний сорил эерэг гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч нь жирэмсний магадлалтай шинжүүдээс 3-4 байгаа эсэхийг тодруулна. Мөн шаардлагатай гэж үзвэл цусан дахь жирэмсний дааврын төвшинг тодорхойлох ба ЭХО шинжилгээг хийнэ. Энэ нь жирэмснийг тогтоох хамгийн найдвартай арга юм.

Савны гадуурх жирэмслэлт гэгч аюултай эмгэг эрт үедээ жирэмсэнтэй адилхан шинжээр илэрдэг нь харамсалтай. Жирэмсний сорилд ч эерэг гарна. Үүссэн жирэмсэн нь умай дотор байгааг эсэхийг ЭХО шинжилгээгээр тодорхойлох боломжтой юм.



Жирэмсний анхны шинж тэмдэг
  • Жирэмсэн бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
  • Жирэмсэн болсон нь тодорхой бол яах хэрэгтэй вэ?

Жирэмсний эхэн үеийн үндсэн ойлголтыг эх барих эмэгтэйчүүдийн эмч Сүзүки сангаас тодрууллаа.


Хэсэг 1: Жирэмсний шинж тэмдэг

Жирэмсний анхны шинж тэмдэг ихэвчлэн жирэмсний 2-3 сартай үед илэрдэг.
Жирэмсний 2 сартай /4-7 долоо хоног/ болоход жирэмсний шинж тэмдэг илэрдэг. Хамгийн энгийн нь сарын тэмдэг ирэхгүй байх. Сарын тэмдэг тогтвортой ирдэг эмэгтэйн хувьд ирэх хугацаанаас 4-5 хоног хэтэрсэн бол жирэмсэлсэн байх магадлалтай гэж бодож болно.
Жирэмсний хордлого хамгийн эртдээ 4-6 долоо хоногтойд эхэлдэг.

Хордлого нь :

1.     Өглөө босоход огиудас хүрэх
2.     Гэдэс өлсөхөд дотор муухайрах
3.     Идэх дуршил өөрчлөгдөх
4.     Үнэрлэх мэдрэмж сайжрах
5.     Уйтгарлах зэрэг хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөрөөр илэрдэг.

Эхэн үедээ жирэмсний хордлого гэж танихгүй ядарсан, бие муу байна гэж хүмүүс андуурдаг. Жирэмсэлсэн байх магадлалтай хүн эм болон энержи ундаа уухынхаа өмнө тестээр шалгаж үзэх хэрэгтэй.

Жирэмсний 3 сартай /8-11 долоо хоногтой/ болоход гэдэс томрохгүй боловч, хөх хөндүүр болж, хөхний толгойн өнгө тодорно.
Жирэмсний хордлоготой байх шинж тэмдгүүд :

  • 1. Огиудас хүрч юм идэж чадахгүй байх
  • 2. Олон хүнтэй газар явахад дотор муухайрах
  • 3. Юм идээгүй үед дотор харанхуйлах.

Мөн ямар ч шинж тэмдэг илэрдэггүй хүн ч байдаг.


Хэсэг 2: Жирэмсэн гэдгээ мэдсэн даруй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Та жирэмсэн болсноо мэдсэн бол аль болох эрт эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Төрөх эмнэлэгтээ эртнээс тогтвол дараа нь тулгамдах зүйлгүй амар байх болно. Эмчийн хяналтад орж тогтмол хугацаанд жирэмсний үзлэгт хамрагдах шаардлагатай.

Жирэмсний үзлэгээр:

  • 1.     Цус дутагдал болон халдварт өвчинтэй эсэхийг шинжлэх цусны ерөнхий шинжилгээ авах
  • 2.     Цусны даралт үзэх
  • 3.     Шээснээс уураг болон сахарын хэмжээг шалгах шээсний шинжилгээ
  • 4.     Савны амсар, үтрээ, савны хэвийн байдлыг шалгах дотуур үзлэг
  • 5.     Хэт авиан оношилгоогоор ургийн зүрхний цохилтыг шалгана.
Жирэмсний үзлэг нь тухайн эмнэлгээсээ шалтгаалаад өөр өөр байх ба жирэмсний 6 сар /23долоо хоног/ хүртэл 4 долоо хоногт 1 удаа, жирэмсний 7 сартайгаас /24 долоо хоног/ 3долоо хоногт 1 удаа, 9 сар /35долоо хоног/ хүртэл 2 долоо хоногт 1 удаа, жирэмсний 10 сартай /36 долоо хоног/ үед долоо хоногт 1 удаа үздэг.


Хэсэг 3: Жирэмсний эхэн үед анхаарах шаардлагатай зүйлс

Жирэмсний 5 сар /16-19 долоо хоног/ - Тогтвортой болох хүртэл дараах зүйлс хориотой.
  1. Хүнд зүйл өргөх
  2. Өндөр өсгийтэй гутал өмсөх
  3. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх зэргийг анхаарч хэвлий дэх хүүхдээ хамгаалаарай.

Жирэмсэн үед архи, тамхи хориотой. Мөн рентгенд харуулж болохгүй. Ялангуяа бага сартай үед ургийн эрхтэн үүсч байх үед рентгенд харуулахад урагт муу нөлөөтэй байдаг.

Жирэмсний 2-3 сар хүртэл гэдэс томрохгүй, ургийн хөдөлгөөн мэдрэгдэхгүйн улмаас жирэмсэн болсноо мэдэх боломжгүй байдаг.
Жирэмсний 4 долоо хоногтой болоход хэвлий дэх ургийн төв мэдрэлийн систем болон зүрх үүсч эхэлдэг. Мөн жирэмсний 6 долоо хоногтой болоход ЭХО шинжилгээгээр эмч зүрхний цохилтыг сонсож болно. Жирэмсний 7-8 долоо хоногтой үед зүрх 4 ховдолд хуваагдаж, бөөр, ходоод, элэг зэрэг ихэнх дотор эрхтнүүдийн хэлбэр үүсч эхэлдэг.

Улмаар 8-11 долоо хоногтой болоход бие болон хөл, гар нь тодорхой ялгагдахуйц болж хамар зэрэг нь мэдэгдэхүйц хэлбэртэй болж эхэлдэг.
Жирэмсний 2 сартайд 4гр орчим байдаг бөгөөд 1 сарын дараа ойролцоогоор 20гр болдог. Төрөх үедээ ойролцоогоор 3000гр хүртэл өсдөг. 

Эх сурвалж: http://103.mn ба http://mn.pigeon.com

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2017-2-4 өдөр 03:43
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.

idiomatic-dormant
idiomatic-dormant