Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Биед ажиглагдах нойр дутуугийн дөрвөн шинж тэмдэг [Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар]

Шууд хүүхдэд хамааралгүй ерөнхий эрүүл мэндийн мэдээлэл боловч, доорх видеог үзээд сонирхолтой мэдээд авахад их хэрэгтэй мэдээлэл санагдлаа. Тоймлон ойлгосноосоо орчуулж бичье.

Станфордын их сургуулиас хийсэн судалгаагаар нойрны дутагдал нь өр нэмэгдэж хураагдаж буй мэт хураагддаг гэнэ.
Ингэснээр хүнд ядарсан, идэвхгүй, сульдсан, сэтгэл санаа тавгүй байх байнга залхуу хүрэх зэрэг шинжүүд байнга мэдрэгддэг юм байна.
Жишээлбэл өмнөх өдөр нь нойр муутай явсан гээд маргааш нь сайн унтаад амрахад хүн амарч чаддаг бол харин 2 долоо хоног орчим нойр муутай явчихаад ганц өдөр сайн унтаж амарснаар хураагдсан нойрны дутагдлыг нөхөж чаддаггүй байх нь.

Мөн би сайн унтаж амарч байгаа гэж бодож яваа хүмүүсийн дунд ч гэсэн нойрны архаг дутагдал байх нь элбэг, учир нь унталтын чанар, хугацаа зэрэг нь хангалтгүй зэрэг шалтгаан бас байдаг байх нь. Тэгэхээр сайн унтаж байгаа гэж бодсон ч бие нь дутуу унтаж байна шүү гээд "хашгирч" байж мэдэх юм.

Тэгэхээр доорх 4 шинж тэмдгийг ажиглаад үзээрэй:
  1. Маш хурдан унтаад байх.
  2. Идэвхгүй үед нойр хүрэх нь элбэг
  3. Үдээс өмнө нойрмоглох.
  4. Амралтаар 2 цагаас илүү урт унтах.
1. Уг нь дэрэн дээр толгой тавимагц, эсвэл боломж гармагц хаана ч шууд унтах нь нойр сайтайн шинж мэт боловч энэ нь нойр дутагдлын нэг том шинж болдог байна.
Харвардын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар нойрны дутагдалгүй хүн бол шууд хэвтээд л унтчихгүй 15 минут орчим болж байж унтдаг гэнэ. Харин үүнээс бага хугацаа, жишээ нь хэвтээд л 5 минутын дотор унтаж байвал нойрны архаг дутагдалтай байх магадлалтай юм байна.
Хэтэрхий хурдан ингэж унтаж байгаа нь нойрсох гэхээсээ илүү бараг ухаан алдаж байгаа шинж гэж ч нойр судлаач эрдэмтэн хэлсэн байдаг юм байна.
Байнга ингэж хурдан унтаад байгаа хүн бол бас анхаарах хэрэгтэй юм байна.

2. Хөдлөх, толгой ажиллуулах үед нойр хүрэхгүй ч автобусанд суух, машин барьж яваад гэрлэн дохио хүлээх, хурал, хичээл дээр сууж байх үед, кино үзэж байхад маш их нойр хүрч унтчихдаг зэрэг жоохон тайвшрангуут нойр хүрч унтах нь байнга тохиолдоод байх нь нойрны дутагдлын шинж юм байна. Мөн тайван үед хальт нойрмоглоод сэрэх зэрэг нь бас micro sleep гэж нэрлэгдэх шинж байвал нойрондоо анхаарах хэрэгтэй байх нь.

3. Өглөө сэрснээс хойш 3-4 цагийн дараа хүний тархины хамгийн идэвхтэй үе байдаг ба энэ үед нойрмоглож байгаа бол нойрны дутагдлын шинж гэнэ. Жишээ нь өглөө 7 гээд босдог хүн 10-11 цагийн үед нойрмоглож байвал анхаарах хэрэгтэй юм байна. Харин өдрийн хоолны дараа нойр хүрч байвал энэ нь хэвийн зүйл бөгөөд хангалттай унтдаг хүмүүсийн ч нойр өдрийн хоолны дараа хүрдэг байх нь ээ.

4. Ажлын өдрүүдэд 6 цаг унтдаг боловч амралтын өдрүүдээр 8 цаг сэрэлгүй унтчихдаг зэрэг хүмүүс нойрны архаг дутагдалтай байх нь элбэг гэнэ. Мөн ажлын өдрүүдээр нойр муутай яваад, амралтын өдрүүдээр сайн унтсан ч нойрны хураагдсан архаг дутагдлыг нөхөж чадахгүй байх нь элбэг юм байна. Жишээ нь ажлын өдрүүдэд 6 цаг унтаад яваад байсан хүн амралтын өдрүүдээр 10 цаг унтсан ч үр дүн муутай байдаг байх нь. Мөн энэ нь эргээд нойрны хэмнэлийг алдагдуулж нойрсолтонд муугаар нөлөөлдөг байх нь.

Дээрх шинж тэмдгүүд илрээд байгаа хүмүүс нойрсолтондоо анхаарч сайжруулах шаардлагатай байж магадгүй юм.

Ингэхдээ
  1. Унтах хугацаагаа ихэсгэх
  2. Нойрсолтын чанараа сайжруулах
1. Хүн бүр 100% адилхан биш ч ихэнх насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах шаардлагатай байдаг. Харин хүүхдийн хувьд наснаасаа хамаараад үүнээс илүү урт унтах хэрэгцээтэй. Зарим хүмүүс 7 цаг унтаад болох ч зарим хүмүүсийн хувьд заавал 9 цаг унтахгүй бол нойрны дутагдал хураагддаг байх магадлалтай юм. Тэгэхээр би өдөр бүр 7 цаг, 8 цаг унтадаг тул хангалттай унтдаг гэж бодоод явдаг хүмүүс байгаад дээрх шинжүүд илэрч байвал унтах цагаа 1 цаг, чадахгүй бол ядаж 30 минут нэмэх гээд хичээгээд үзээрэй.

2. Нойрсохдоо хэт сэргэг муу унтдаг хүмүүс бол нойрсолт сайжруулах заавруудыг интернэтээр судлаад туршиж үзээрэй. Жишээлбэл орондоо орохоосоо 1-2 цагийн өмнө 40-43 хэмийн халуун ваннанд 10 минут орчим орох, унтахдаа хөлөө хөнжлөөсөө гаргаж унтах, унтахаас 1 цагаас 1 цаг хагасын өмнө цаасан ном унших зэрэг аргууд байдгуудаас туршиж үзэхийг зөвлөж байна.

Эх сурвалж:



 

бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2022-08-07 өдөр 12:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax